Олон орны уран бүтээлч оролцсон “MongolianArt” олон улсын уран баримлын симпозиумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
Симпозимд оролцож буй Монгол, Герман, Итали, Испани, Болгар, Эстони, Өмнөд Солонгосын уран бүтээлчид энэ сарын 21 хүртэл Тэрэлжид байршилтай "Гүрү Эко" цогцолборт уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэд симпозиумын үеэр туурвисан томоохон бүтээлээрээ наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 30-ны хооронд “Public Art-Urban Sculpture” үзэсгэлэнг Хаан банкны гадна талбай болон Хаан Галерейд дэлгэхээр зэхжээ. Энэ жилийн “MongolianArt” уран баримлын симпиозумын үзэсгэлэнд 7 орны 9 уран бүтээлч оролцохоос зургаа нь Монголын байгалийн боржин чулуу, ган, төмрөөр томоохон бүтээлүүдээ туурвиж, гурав нь бэлэн бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байгаа юм.
Симпиозумын албан ёсны нээлт наймдугаар сарын 4-нд болж, олон улсын уран барималчид хэсэг хугацаанд Монголд байрлан уран бүтээлээ бүтээж байгааг Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа дурдаад, “НордАрт нь соёлын аялал жуулчлалын хүрээнд заавал очиж үзэх дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдийн эхний 10-т зүй ёсоор багтдаг. Энэ салбар үйл ажиллагааг албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсдаа зохион байгуулснаар улсынхаа нэр хүнд, имиджийг дээшлүүлж, олон улсын уран бүтээлчдийг, НордАрт-ын Зүүн Өмнөд болон Төв Азийн урлаг сонирхогч, жуулчдын урсгалыг Монгол Улс руу татах суурийг тавих, соёлын олон талын ач холбогдолтой”-г онцолж байлаа.
Түүнчлэн, уран баримлын симпиозумын бүтээлүүдийг олон нийтийн нээлттэй орон зай, цэцэрлэгт хүрээлэнд байршуулах бөгөөд уран бүтээлүүдэд байрших Dynamic QR коп бүхий сурталчилгаа нь уран бүтээлч, бүтээлийн тухай бүхий л мэдээллийг үзэгч сонирхогч болон жуулчдад хүргэх аж.
Уран баримлын симпозиумыг 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50, НордАрт болон Монгол Улсын хамтын ажиллагааны 10 жилийн ойг угтан хийж байгаа бөгөөд цаашид гурван жил тутамд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ нь ХБНГУ-д жил бүр зохион байгуулагддаг "НордАрт–Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн"-д 2015 оноос хойш Монгол Улсын дөрвөн удаагийн бие даасан павильоныг амжилттай зохион байгуулж, 120 монгол уран бүтээлчийн 350 орчим бүтээлийг олон улсын 120 мянга гаруй үзэгчид толилуулж, зөөлөн хүчний бодлогоор Монгол Улсаа нэр хүндтэйгээр сурталчилж иржээ.