Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжүүлж байгаа “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан өрхүүдэд тэдний сонгосон өрхийн бичил бизнес эрхлэхэд нь тохирсон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг дүүрэг, хороо бүрт үе шаттайгаар зохион байгуулж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүргээс уг төсөлд хамрагдаж буй 257 өрхөөс “Хоол үйлдвэрлэл”-ийн багцыг сонгосон 58 гишүүн-өрхөд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг олголоо. Арга хэмжээнд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, ХХҮЕГ-ын дарга Т.Бадрахбаяр, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн ХХҮХ-ийн дарга А.Сэрээтэр, АХБ-ны төслийн зохицуулагч Ц.Болормаа, МУЗН-ийн ЕНБД-ын орлогч дарга Т.Баярчимэг нар оролцлоо.
Туршилтын хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан гишүүн-өрхийн идэвх оролцоог сайжруулах, амьдрах ухааны болон бизнесийн үндсэн ур чадварыг хөгжүүлэх, өрхөд тохирох бизнесийн сургалтад хамруулах зэрэг чадавхи бэхжүүлэх цуврал арга хэмжээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дунд шатны хороод, коуч нар хамтран зохион байгуулаад байна.
Уг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай олон өрх өөрсдийн сонгосон аж ахуйгаа өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлж, цаашид тогтвортой амьжиргаанд хүрэх боломж бүрдэх юм.