Хүүхдийн аюулгүйн суудлын ач холбогдлын талаар бид өмнөх нийтлэлдээ өгүүлсэн. Зориулалтын суудал нь хүүхдийг аюул ослоос хамгаалахаас гадна тохь тухтай зорчих боломжоор хангах ёстой.
Энэ удаад хүүхдийн зориулалтын суудал хэрхэн сонгох, худалдан авахад юун дээр анхаарах тухай зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдийн суудал худалдан авахдаа юун түрүүнд хүүхдийн өндөр, жинг бодолцох хэрэгтэй. Тэдний жин, өндрөөс хамаарч суудлыг хэд хэдэн үндсэн бүлэгт ангилдаг ч тухайн үйлдвэрлэгчдийн санал болгох загвараас шалтгаалаад зарим талаар харилцан адилгүй байх тохиолдол бий.
0+ бүлэг
Нярайн суудал. 13 кг хүртэл жинтэй хүүхдүүд сууна. Хойд талын суудалд буруу харуулж суулгах.
Ямар ч тохиолдолд хүүхдийг урд талын суудалд суулгахаас татгалзаарай. Урд талд аюулгүйн дэртэй бол хүүхдийг буруу харуулж суулгах нь өндөр эрсдэлтэй. Гэнэтийн ослын үед аюулгүйн дэр задарснаар хүүхдийг суудалтай нь түлхэх, улмаар хүүхэд амиа алдах аюултай юм.
1-р бүлэг
Энэ бүлгийн суудлууд 1-4 насны /9-18 кг жинтэй/ хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд суудлын налуу нь хүүхдийн биеийн онцлогт тохирсон байдаг.
2-р бүлэг
3-7 насны 15-25 кг жинтэй хүүхдэд зориулагдсан. Автомашины суудлын бүс хэрэглэх боломжтой.
Хэрэв таны хүүхдийн толгойн гуравны нэгээс илүү хэсэг нь суудлын түшлэгээс дээш гарсан байвал энэ нь суудал багадсан гэсэн үг.
3-р бүлэг
4-12 насны хүүхдүүдийн суудал өндөрлөгчийг (36 кг хүртэл жинтэй хүүхдүүд суух боломжтой) автомашины бүсээр бэхэлдэг.
Суудлын зориулалтын өндөрлөгчийн оронд дэр эсвэл зөөлөвч хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Мөн 13 хүртэлх насны хүүхдийг үргэлж хойд талын суудалд суулгаж явахыг анхааруулж байна.
Суудлын материал чийг татахааргүй байх ёстой бөгөөд хүүхдийн биеийн онцлогт тохируулан төрөл бүрийн загвараар зохион бүтээж үйлдвэрлэж байна.
Эцэг эх, асран хамгаалагчдад сануулахад хэрэглэж байсан хуучин суудал, ялангуяа ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй бол худалдан авахаас татгалзахыг зөвлөж байна. Суудал авахдаа үйлдвэрлэгчийн нэр, үйлдвэрлэсэн хугацаа, заавар зэргийг сайтар шалгаж авах нь зүйтэй.
Машины суудлыг автомашинд зааврын дагуу бэхэлж, хамгаалалтын бүсийг зүүсний дараа хүүхдээ суулгаарай. Хамгаалалтын бүсээр бэхлээгүй бол ослын үед хүүхдэд эрсдэлтэй нөхцөл үүсэхийг анхааруулж байна.
gogo.mn