Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг 2022 оны хаврын мод тарилтаас эхлэн Айцын амны уулын энгэрт төр, хувийн хэвшил, иргэд олон нийттэй хамтран 16,926 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, усалгаа арчлалт хамгаалалт дээр онцгой анхааран ажиллаж байна.
Энэ намрын мод тарилтыг Хан-Уул дүүрэг БНСУ-ын Улсан хотын Нам дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, санамж бичгийн хүрээнд Нам дүүргийн төлөөлөгчид Эко ойн төгөлд 400 гаруй шинэс тарих ажлаар эхэллээ.
Хоёр дүүргийн хамтын ажиллагааны санамж бичгийг /2023.10.02-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, БНСУ-ын Улсан хотын Нам дүүргийн Засаг дарга Со Дун Үк нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигт хоёр дүүрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар дурдсан.
Хан-Уул дүүрэг намрын мод тарилтын ажлын хүрээнд 14 дүгээр хороо “Эко ойн төгөл”, 13 дугаар хороо “Төгсөгчдийн төгөл”-д нийт 4450 ширхэг мод, гэр хорооллын бүсэд 7400 мод, бут, сөөг тарихаар төлөвлөсөн бөгөөд Улсан хотын Нам дүүргийн төлөөлөгч нартай хамтран Эко ойн төгөлд 430 ширхэг шинэс тарилаа.
Намрын мод тарилтын нээлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, БНСУ-ын Улсан хотын Нам дүүргийн Засаг дарга Со Дун Үк, Нам дүүргийн ИТХ-ын дарга И Жон Ху нар болон холбогдох албаны зочид төлөөлөгчид оролцлоо.