Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Иргэн Г.Б, У.А, Х.Ч нарын нэр бүхий 6 иргэн үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж байгууллагыг хуурамчаар үүсгэн байгуулж, 187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдэн Татварын цахим санд бүртгэлийг хийж, хуурамч баримтуудыг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд худалдсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, 18.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Нийслэлийн прокурорын газраас “З” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Ө нь нэр бүхий 6 иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э, нягтлан бодогч М.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “С” ХХК-ийн захирал Г.Б-ээс эм, эмнэлгийн хэрэгслийн падан хуурамчаар бичүүлэн авч, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийн, бэлнээр гаргуулан авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.