Хогийг ангилж ялгах дадал зуршлыг бий болгох технологийн шийдлийг боловсруулах ажлууд хийгдэж байгаа аж. Энэ хүрээнд ухаалаг хогийн савыг гэр хороолол болон орон сууцны хорооллуудын дунд байршуулах юм байна. Ингэснээр иргэд ундааны сав зэрэг дахин боловсруулах хогийг ялгаж хийснээр, усаа худалдаж авах, автобусны, СӨХ-ны зардлаа төлдөг болох нь.
Энэ талаар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү "Хогийг ангилж хаях, ялгах таних тэмдэг бүхий сав тавьсан ч иргэд ангилж хаядаггүй. Тиймээс хогоо ангилж хаявал оноо цуглуулах системийг нэвтрүүлэх гэж байна.
Энэхүү систем бүхий хогийн савыг хамгийн түрүүнд гэр хорооллын ус түгээх байруудад байршуулна. Ундааны сав, хуванцар нийлэг эдлэлүүдийг тодорхой хэмжээний мөнгөөр иргэдээс худалдаж авч, хуванцар эдлэл дахин боловсруулж буй үйлдвэрүүдэд нийлүүлэх юм. Ингэхдээ бэлэн мөнгө гаргахгүй. Иргэд ундааны саваа ангилж хийснээр мөнгөн дүнгээр үнэлэгдэж гарна. Уг мөнгөөр усаа худалдаж авна гэсэн үг.
Жишээлбэл ундааны нэг савыг 10 төгрөгөөр авлаа гэхэд найман сав авчирч хийхэд 80 төгрөг болж, уг мөнгөөр усаа авах боломжтой болно.
Уг системийг монгол залуус хөгжүүлж байгаа, эхлээд туршиж үзнэ.
Мөн автобусны системд холбоно. Ингэснээр иргэд автобусны картаа уншуулахад ухаалаг хогийн саванд ундаа, таргийн саваа ангилж хийсэн мөнгөн дүн автобусны 500 төгрөгөөс хасагдах юм.
Цаашид ухаалаг хогийн савыг орон сууцнуудын дунд байршуулж, хогоо ангилж хаясан иргэд СӨХ-ны мөнгөнөөсөө хасаж тооцуулдаг болгоно" гэж ярилаа.
Улаанбаатар хотод 400 орчим СӨХ үйл ажиллагаа явуулдаг байна.