Б.Очирваань жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарчээ.
Тэрбээр Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй ч уулзаж чадсан байна.
Түүний гайхамшигт аяллын бичлэгийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулж, олон хүнд хүрээд байгаа юм.
Монгол залуугийн Манчестер Юнайтедэд хаягласан захидлыг тус клуб хүлээн авч өнгөрсөн ням гарагт болсон тоглолтыг үзэх эрхтэй болсон аж.
Тэрбээр Director's box буюу хүндтэй эрхмүүдийн суудаг VIP хэсэгт домогт дасгалжуулагч Алекс Фергюсон тэргүүтэй хүмүүстэй хамт сууж Арсенал, Манчестер Юнайтедын тоглолтыг үзжээ. Энэ суудлаас тоглолт үзэхэд 9000 орчим фунт стерлинг буюу 38 сая төгрөгөөс эхэлдэг аж.
Б.Очирваань Олд Траффорд цэнгэлдэхэд тоглолт үзэхдээ монгол үндэсний хувцас болох дээлээ өмсөж, улсынхаа далбааг намируулсан байна. Түүний хувьд багаасаа л хөлбөмбөгт дурлаж, мэргэжлийн тамирчин болох зорилго тавьж байжээ.
Нэг жил гаруй хугацаанд дугуйтайгаа аялахдаа улс улсын олон эелдэг, сайхан хүнтэй таарч, туслалцаа үзүүлсэн хүмүүст тэрбээр талархаж буйгаа илэрхийлсэн юм.