Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл БНСУ-ын Ханнарэ Соёлын сан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэй “Монгол кино өдөрлөг”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү кино өдөрлөг БНСУ-ын Пусан хотын кино ордонд найруулагч Э.Ган-Очирын “Их говийн манаач” баримтат киногоор нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, “Ханнарэ” соёлын сангийн тэргүүн Шим Сан, Пусаны кино ордны дарга Гу Ин Бом, Пусан хотын худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимын Ерөнхийлөгч Ян Жэ Сэн, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Д.Цэнгэл нар оролцож, хоёр орны соёл урлагийн харилцааг бэхжүүлэх ач холбогдлыг онцолсон юм.



“Монгол кино өдөрлөг”-ийн үеэр гурав хоногийн турш найруулагч Э.Ган-Очирын “Их говийн манаач” баримтат кино, найруулагч С.Баттулгын “Эцэг” уран сайхны кино, найруулагч Л.Таванбаярын “Хадам ээж” уран сайхны кино, найруулагч Э.Нямжаргалын “Зүрхний Сараан” зэрэг бүтээл үзэгчдийн хүртээл болохоос гадна уран бүтээлчид, үзэгчийн уулзалт болох юм.