Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Түүнийг аравдугаар сарын 24-нд Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтан авчээ.
Угтах ёслолын үеэр хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, төрийн тэргүүнүүдэд хоёр талын төлөөлөгчдийг танилцуулсан байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Ерөнхийлөгчийн ордны “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж, дурсгалын зураг татуулжээ.
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Финландад хийж буй энэхүү айлчлал нь 11 жилийн дараах төрийн айлчлал гэдгээрээ онцлог юм.
Монгол Улс, Финланд Улс 1963 оны долоодугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай билээ.. Монгол Улсаас Финландад хавсран суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд, Финландаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Микко Киннунен мөн оны дөрөвдүгээр сарын 21-нд итгэмжлэх жуух бичгээ тус тус өргөн барьжээ.
Финландын Ерөнхийлөгч Александер Стубб 2024 оны гуравдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа орсон бөгөөд энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Эх сурвалж: Монгол Улсын гадаад харилцааны яам