Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг Берлин хотын Дойчес театрт толилууллаа.

Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар үзэж сонирхсон бөгөөд хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, Германд ажиллаж, амьдарч буй монголчууд болон герман иргэд хүрэлцэн иржээ. Тоглолтыг нээж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан үг хэлэхдээ Монгол, Германы соёлын харилцаа 1980-аад оны сүүлээс эрчимжиж, хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжсөнийг онцоллоо. Тухайлбал, 1989 онд Мюнхений урлагийн ордонд гаргасан “Монголчууд” үзэсгэлэн, хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 1998 оноос хэрэгжиж буй “Хархорум” археологийн төсөл, Их Монгол Улсын 800 жилийн ойг тохиолдуулан Бонн хотноо зохион байгуулсан “Чингис хаан ба түүнийг залгамжлагчид” тусгай үзэсгэлэн, 2024 онд ХБНГУ-ын хотуудаар аялан тоглосон “Монголын сайхан орон” тоглолт зэрэг нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

Энэ удаагийн тоглолтоор Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Монголын үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгчдийн сонорыг мялаалаа. Мөн монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуур урлалын бүтээлийн дээжсийг дэлгэн үзүүлж, Монголын соёлын өвийг герман иргэд, зочид төлөөлөгчдөд сурталчлан таниулсан байна.