Ардчилсан Монгол Улсад адуучин залууст үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бий


Адуун өв соёлоо хамгаалж, алсарч буй түүхээ өмгөөлж Төв талбайд жагссан хэдэн уяачид, тэдний үнэт зүйл үзэл бодлыг дэмжсэн хэсэг бүлэг хүмүүс энэ өдрүүдэд нийгмийн дайсан болон хувирч байна. Төв талбайд өмнөд хөршид аажим, аажмаар булаалгаж буй өв соёлоо өмгөөлж жагссаных нь төлөө адуугаа биш мөнгөөрөө гайхуулж аархлаа гэв, тэд. Өмгөөлж бичсэн хэсэг тэр байтугай үйл явдлыг сурвалжилсан сэтгүүлчдээ хүртэл өнгө мөнгөнд худалдагдсан хэмээн цоллож байх юм. Нөгөөх л үүх түүхээ, өв соёлоо гутаагсад буюу зохион байгуулалттай хэсэг бүлэг яг тоть шиг нэг өгүүлбэр тавиад, нөгөөх л улиг болсон хүүхдийн эрхээр бамбай хийгээд адуун соёлоо эсэргүүцэж байна.

 

Гэвч моринд хайртай, уламжлалт ёс заншил, ахуйгаа мэддэг монголчууд энэ тухай арай өөр бодолтой байгааг нийгмийн сүлжээнээс бас харж болно. Твиттерт цэцэн мэргэнээ гайхуулдаг хэдэн өвгөчүүл, үр хүүхдээ нялзрай, утас таблетны хамааралтай болгочихсон, витамины дутагдалд оруулчихсан, малын тухай мэдлэг байтугай цагаан идээ ч олигтой идүүлчихэж чадахгүй суугаа цагаан гарт эцэг эхчүүд энэ бүхний эсрэг хамгийн чанга дуугарч буй нь үнэн. Гэвч тэдгээр хүмүүсээс нэг л зүйл асуумаар байгаа юм. Хөвгүүд морин дэл дээр давхиж, морьтойгоо ойрхон өсөж эр хүн болж буй монгол ухаан буюу та бүхнээс харь хол, огт ойлгохгүй асуудлаас илүүтэй яг дэргэд чинь байгаа хүүхдийн эрхийн асуудлаар та ингэж чанга дуугарсан уу.

 

Хүүхдийн амьсгалах агаар, уух ус, эрүүл мэндийн асуудлаар та ингэж дуугарч байгаа юу. Монголын хөдөөгөөс илүү Улаанбаатар хотод угаартаж, осол аваарт өртөж, сурроноос унаж гэмтэж, утаанаас болж уйлж, өвдөж буй хүүхдийн төлөө та харин үүн шигээ хуруугаа хөдөлгөсөн үү гэж асууя. Эсрэгээрээ миний хүүхэд аз жаргалтай байвал бусдынх хамаагүй гэсэн амин хувиа хичээсэн таны үзэл, твиттерийн постоос хальж гараагүй явцуу үзэл чинь өнөөдрийн энэ нийгмийг бий болгосон хэрэг шүү. Харин малчин монголчууд яаж ч ядарсан үр хүүхдээ өлсгөхгүй, өмсөх хувцсаар дутаахгүй, эрүүл чийрэг бие бялдартай болгож өсгөөд ирсэн хүмүүс. Хүүхдүүд морь мал, унаган монгол ахуйтайгаа ойрхон өсгөх тусмаа өлчир чийрэг, аливаад сэтгэлийн тэнхээгээр ханддаг, асуудлыг ултай суурьтай боддог хүн болж өсдөг учраас малтайгаа, морьтойгоо амьдраад ирсэн юм, цаашдаа ч амьдардаг байгаасай гэж тэдгээр өв тээгчид маань жагссан гэж ойлгож буй. Товчхондоо, бидний ондоошил бүхнийг хятадууд аажим, аажмаар өөрийн болгож, Юнескод бүртгүүлээд дуусаж байгааг тэд эсэргүүцлээ.  

 

Монгол хүн, монгол морь хоёр бол салшгүй нэг цул ойлголт. Уламжлалт үүх түүх, өв соёлоо мэддэг хүмүүс үүнийг хэзээд хүлээн зөвшөөрнө. Мэддэггүй сэдвээрээ мэддэг болж цэцэрхэж байснаас зарим нь энэ сэдэв дээр дуугүй байхад гэмгүй биз ээ. Өчигдөргүй өнөөдөр гэж байхгүйтэй адилхан өв соёлоо хамгаалъя, үнэт зүйлээ дээдэлье, өвлийн спортоо дэмжихдээ хүүхдийн аюулгүй байдлаа ч бас анхаараад явъя гэж үзэл бодлоо илэрхийлсэн бүхнийг гадны гар хөл болж, харь соёлыг шүтэгсэд маань зүхэж занаад баймааргүйсэн. Адгийн хулгайч, алуурчинд ч биеэ өмгөөлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаатай агаар нэгэн адилаар ардчилсан Монгол Улсад хэн ч жагсаж цуглаж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй билээ. Түүнийг сурвалжилсан, асуудлыг дамжуулсан сэтгүүлч ч нийгмийн дайсан болох учиргүй юмсан. Хүссэн эс хүссэн ч бид нэг л монголчууд.

 

Ондоошлоо хамгаалах, орхигдож буй соёлоо тээх, адуутайгаа байгаадаа харин ч баярлаж, үнэ цэнийн тухай үг хэлэх эрх маань энэ улсад одоогоор байгаа гэж найдъя. Та бүхний хүсээд байгаачлан хятадад эзлэгдэх хүртэл морьтойгоо, малтайгаа ч болтугай жагсаж үгээ хэлж л байг. Харин тэр нь танд таалагдаагүйн төлөө зүхэж занаж, өөрийгөө хэт мэддэг гэж улайрч зүтгэх нь харин хүний эрхийг асар бүдүүлгээр зөрчиж буй үйлдэл билээ. Харцын хүүхэд морь унаж байна, хааны хүүхдүүдээр унуул гэж нялх балчир үрийн зургийг шэйрлэхдээ хүн та хүүхдийн эрхийг асар бүдүүлгээр зөрчиж буйгаа ойлгоорой. Малчин, уяач гэхээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болохгүй, таван төгрөгийг хөдөлмөрлөж бас хүлэг морио унаж, уяж олсных нь төлөө баячууд хэмээн зүхэж суухдаа та хамгийн адгийн гадуурхагч болж буйгаа бас санана биз. Төр улс гэж байдаг бол хүүхдийн эрх хаанаа яг зөрчигдөж байгаа, унаа уналгыг тааруулахдаа хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, аюулгүй байдал, стандартаа маш сайн хянах, ойрын зайд уралдуулах, поло байдлаар уралдуулах гэх мэтээр асуудлыг шат шатандаа ярих байх. Шийдлээ ч тэд боловсруулчих биз. Шууд хааж боож хорьдог, өв соёлоо тээж яваа уяач нарын бүтэн жилийн хөдөлмөрийг үл тоодог, гадны гар хөл болсон, гаднаас санхүүждэг хэсэг бүлэг жиргээч, тролл, хөлсний жагсагчдын захиалгаар бүгдийг хааж боож, уламжлалаа уландаа гишгэнэ гэдэг хэрхэвч хүлээн зөвшөөрч боломгүй асуудал учраас сэтгүүлчид ч бас үгээ хэлж байгаа хэрэг биз ээ. Том хүнээр унуулах уу, 13-аас дээш насандаа унах уу гэх мэтээр гарц гаргалгаагаа тэд өөрсдөө яриад шийдэх нь тодорхой. Гагцхүү адуун соёлоо хамгаалъя гэж жагссаных нь төлөө эгэл жирийн малчид, уяач залуусыг жигшин зэвүүцэж, жийрхээд байх нь утгагүй юм шүү. Тэдэнд жагсах, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өв тээгчийн эмзэглэлээ хуваалцах эрх өнөөдөр бол байгаа. Харин маргааш байх болов уу...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 18 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 18 цагийн өмнө
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог х… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа 2025/05/02
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2025/04/29
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг А… 2025/04/29
Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үй… 2025/04/28
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 2025/04/24
“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний… 2025/04/24
МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА Д… 2025/04/24
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
“Хангарди” ширээний теннисний өдөрлөг болж байна 2025/04/23
"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 2500 гаруй хүн бүртгүүлэ… 2025/04/22
"Бүтээмж ба шийдэл" мэтгэлцээний дөрөвдүгээр тэмцээнийг зохион байгуул… 2025/04/19
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 2025/04/17
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал ү… 2025/04/17
Нийслэлээс төрсөн хосууд хуримлалаа 2025/04/16
Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг… 2025/04/16
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажл… 2025/04/16