Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн хамт өнөөдөр (2026.04.22) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, тус зөвлөлийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, шүүх болон шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлыг Үндсэн хуульд оруулсан. Үүнээс хойш 2022 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа, Шүүхийн багц хуулиудын ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлаар батлуулж байснаа онцлон тэмдэглэв.
Түүнчлэн хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагууд тус тусын чиг үүргээ хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хамтран ажиллах нь чухал. Төрийн эрх мэдэл ард түмнээс эх ундаргатай. Тиймдээ ч төрийн мөн чанар нь ард иргэдийн итгэлийг хүлээсэн байхад оршино. Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаас хойш таван жил өнгөрч буй учраас Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийж, нэмэлт өөрчлөлтийн талаарх саналаа нэн даруй Улсын Их Хуралд ирүүлэх, Хууль зүйн байнгын хороотой хамтран ажиллах шаардлагатай гэлээ.

Энэ хүрээнд шүүхийн шинэтгэлийн асуудал нь дан ганц шүүх эрх мэдлийн асуудал бус, энэ шинэтгэлийг гүнзгийрүүлэх, бататгахад Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг байгууллагууд ямар оролцоотой байх нь 2024 онд батлагдсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д тусгагдсаныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа дурдав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, шүүхийн ажиллах орчин, эрх зүйн шинэтгэлийн үр дүн, тулгамдсан асуудал зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулж, Улсын Их Хурлын дарга болон уулзалтад оролцсон гишүүдийн асуултад хариулт өгч, нээлттэй санал солилцлоо.
Энэ үеэр Шүүхийн багц хууль хэрэгжсэнээс хойш бий болсон бодитой ахиц дэвшлийг тодотгож байв. Тухайлбал бүх шатны шүүхэд хэрэг хуваарилах систем нэвтэрч, гаднын ямар ч нөлөөгүйгээр цахимаар хэрэг хуваарилагддаг болсон. Иргэдийн төлөөлөгчийн оролцоог хангаж, Шүүх хурлыг дуу, дүрсний бичлэгтэйгээр олон нийтэд хүргэх, шийдвэрийн талаар тойм бичиж нээлттэйгээр байршуулах, хялбар ажиллагааны шүүх байгуулагдсанаар бага үнийн дүнтэй хэргүүдийн шийдвэрлэлт нэмэгдэж байгаа, “Цахим шүүх 2.0” системийг шүүхүүдэд туршин нэвтрүүлж байгаа зэрэг ахиц, дэвшил гарсныг онцоллоо.

Цаашид шүүхийн үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох, шүүхийн үйлчилгээний орчин нөхцөлийг эргэн харж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь хийх зэрэг тулгамдсан асуудлууд байгааг танилцуулсан юм. Тухайлбал Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа шүүхийн цогцолбор барилгын төсвийг саадгүй шийдвэрлэсэн тохиолдолд 2027 оны эхний улиралд ашиглалтад орох боломжтой. Мөн Архангай, Дархан, Өмнөговь, Багануур, Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа шүүхийн барилгууд энэ онд ашиглалтад орох боломжтойг тодотголоо. Гэсэн хэдий ч шүүхийн байрны хүрэлцээ дутагдалтай хэвээр байгааг тодотгоод өнөөдрийн байдлаар 4 шүүх түрээсийн байранд, 3 шүүх байргүй, 4 шүүх прокурорын байгууллагатай хамт нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь шүүхийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл дагуулж байгааг танилцуулав.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, шүүхийн шинэтгэлийг бататган бэхжүүлэхэд парламентын түвшинд юуг анхаарах, тэдгээрийн хэрэгжилтийг хариуцаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөл юунд төвлөрөх талаар байр суурь сонсох, ойлголцол бий болгох нь энэхүү уулзалт ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ. Мөн шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ тайлагнал, хариуцлагын зохистой тэнцвэрийг бий болгоход чиглэгдсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний төлөөлөл дутуу байгааг Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авч шийдвэрлэх болно хэмээгээд Улсын Их Хурлын даргын хувьд шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхэд шаардлагатай эрх зүйн бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.