Азийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тоглолтууд өчигдөр эхэллээ. Манай улсын шигшээ баг "С" хэсэгт БНСУ, Тайвань, Малайзтай нэг хэсэгт орсон бөгөөд өнөөдөр эхний тоглолтоо Тайванийн эсрэг өрсөлдсөн юм.
Эхний үед тайваньчууд дөрвөн оноогоор илүүрхсэн ч дараагийн үед манай бүсгүйчүүд есөн оноо илүү авснаар эхний хагаст оноогоор илүүрхэж байв.
Харамсалтай нь сүүлийн хоёр үед тайваньчууд 35:21-ээр давамгайлснаар эцсийн дүнд 76:67-гоор ялалт байгуулав. Өнгөрсөн жил Монголын иргэн болсон Амари Жонсон Азийн наадмаас хэдхэн хоногийн өмнө шигшээд тоглох "тийзээ" гардаж авсан. Тэрбээр шигшээд хийсэн эхний тоглолтод 25 оноо авсан бол О.Хулан, Б.Цацрал нар тус бүр 13, Б.Ариунцэцэг 11 оноогоор бусдыгаа манлайлжээ.
Энэ хэсгийн нөгөө хос БНСУ-ын баг Малайзыг 106:40-өөр илүүрхсэнээр хэсгээ тэргүүлж байна.
Эмэгтэй шигшээ баг энэ сарын 21-нд БНСУ, 22-нд Малайзын багтай тоглох хуваарьтай. Хэсгийн шатанд эхний хоёр байр эзэлсэн баг шөвгийн наймд шалгарах эрхээ шууд авах бол гуравдугаар байр эзэлсэн хамгийн өндөр оноотой хоёр баг хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болох юм.