Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Нам гэдэг газарт ой хээрийн гал түймэр гарсан тухай мэдээлэл есдүгээр сарын 17-ны өдрийн 17.35 цагт бүртгэгджээ. Ойн түймрийг 18-ны өдрийн 12.00 цагт цурамд оруулж, 14.32 цагт бүрэн унтрааж аймаг засаг дарга болон байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.
Түймрийг Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатсан аж. Ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэл буюу дутуу унтраасан чүдэнз, тамхины иш гал, үнс нурам зэргээс үүдэлтэй байна. Мөн намрын цагт өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасахын зэрэгцээ салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг.
Иймд иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.