Дуучин Наагий буюу Н.Наранбаатар Монголын хөгжмийн урлагийн сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн найруулгаар шинэчлэн хүргэх “Хүрээ Jazz” төслийн эхний цомгоо пянз хэлбэрээр гаргалаа. Цомогт Монголын нэрт хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээсэн, ард түмний сэтгэлд хоногшсон есөн дуу багтсан бөгөөд Баянмонгол биг бэнд болон бусад хөгжимчид хамтран ажиллажээ. Энэхүү цомгийнхоо тухай Дуучин Наагий “Монголын хуучны болон агуу хөгжмийн зохиолч, яруу найрагчдын ард түмний сонсох дуртай, хайртай бүтээлүүдийг өөр нэгэн өнгө төрхөөр хүргэж байгаадаа баяртай байна. Цомгоо гаргахдаа хөгжмийн найруулга, дуугаралтын чанарт анхаараад зогсохгүй уран бүтээлчдийн оюуны өмчийн эрхийг баталгаажуулахад онцгой ач холбогдол өгсөн. Пянзаа Германд үйлдвэрлэж, аналог мастеринг хийлгэсэн. Пянзны дуугаралтаа бид өөрсдөө шалгаж хийж үзсэн. Маш сайхан дуугарч байна. "Хүрээ Jazz” цомгийг нийт 300 ширхэг хэвлүүлсэн бөгөөд 200 нь хар, 100 нь алтан шаргал өнгө гаргасан. Энэ цомгийг ховор, үнэ цэнтэй байгаасай гэж хүссэн” гэж ярилаа.

Мөн тэрбээр "Хүрээ Jazz” нь зөвхөн нэг цомгоор хязгаарлагдахгүй, цаашид үргэлжлүүлнэ. Дараагийн дугааруудад Монголын ардын дуунуудыг жазз хэлбэрт оруулан, шинэ найруулгаар хүргэхээр ажиллаж байгаа гэлээ.
Төслийн нэрийн тухай тайлбарлахдаа Дуучин наагий “Хүрээ гэдэг нь эрт үед хотыг нэрлэдэг байсан. Харин жазз хөгжмийг ерөнхийдөө хотын хөгжим гэж нэрлэх нь бий. Тиймээс ‘Хүрээ Jazz’ гэдгийг хотын хөгжим гэсэн санаагаар нэрлэсэн. Цаашдаа ардын дууны судалгааны ажил ч хийж байгаа” гэв. “Хүрээ Jazz” цомгийг Чинзо, Сет Рекордсын худалдааны цэгүүдээр борлуулах бөгөөд арваннэгдүгээр сарын 14-ний 11:00 цагт дуучин Наагий худалдан авагчидтай уулзаж, гарын үсэг зурж, хамт зургаа авахуулах боломжтой гэж мэдээллээ.