Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны есдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Алтан намар–Мод тарих улирал” нөлөөллийн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 140.4 сая орчим мод тарьж ургуулаад байгаа бөгөөд үүний үр дүнд манай орны ойн чанар 7.9 хувиас 8.71 хувь болж өсчээ.
Энэ онд улсын хэмжээнд нийт 50 сая мод тарихаар төлөвлөснөөс хавар 16.2 сая, намар 19.0 сая буюу нийт 35.2 сая мод тариад байна. Ингэснээр жилийн төлөвлөгөөний хэрэгжилт 70.4 хувьд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,267–1,780 га талбайд мод үржүүлгийн газрууд үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр газрууд 57 зүйлийн навчит болон шилмүүст модны 113.8 сая тарьц, суулгац, 21.6 тонн үрийн нөөц бүрдүүлээд байна. Мөн ойн салбарын 1,264 инженер, 6,354 ойжуулагч, техникчийг бэлтгэн, салбарын хүний нөөц болон мэргэжлийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлжээ.
Түүнчлэн түймэрт өртсөн болон доройтсон ойн талбайг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг эрчимжүүлж байна. Мод тарих, арчлах, хамгаалах цогц арга хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүйгээр ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, ногоон хөгжлийн суурийг бүрдүүлж ирээдүй хойч үедээ ногоон өв үлдээх үндэсний хэмжээний бодит ажил болон хэрэгжиж байна.