Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг Нэгдүгээр багийн Дархан ноёны нутагт малчин айлын өвөлжөөнд баавгай удаа дараа орж, эд хөрөнгө сүйтгэсэн нөхцөл байдал үүсээд байна.
Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 05-ны шөнө тухайн малчин айлын гэрийн гадаа баавгай ирж ууттай аарц идэж байна гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу сумын Онцгой комисс шуурхай арга хэмжээ авсан. Баавгайг буудаж үргээх, хөөж холдуулах үед өмнө нь гаргасан байсан үхрийн шийр, арьсыг чирээд зугтжээ. Мөн 2026 оны аравдугаар сарын 06-ны шөнө баавгай дахин ирж, тухайн айлын илүү гэрт хадгалж байсан 120 сав аарц болон бусад цагаан идээг идэж, сав суулгыг базаж, хаясан байна.
Сумын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу тухайн айлын илүү гэрт байсан цагаан идээ, аарц, өрөм зэрэг хүнсний зүйлсийг гадна орчноос зайлуулж, цэгцлэн Багануурт хүргэж тавьсан ч 2026 оны аравдугаар сарын 07-ны өглөө малчин айл гэртээ ирэхэд баавгай дахин ирж гэрийг нь сүйтгэсэн байжээ. Мөн урд талын хөрш айлынхан яг үүдээр баавгай гарч уулын мод руу орсныг иргэд хэлж байгаа юм. Мөн Багануур дүүргийн дүүргийн Нарийний ам, Хуцаагийн ам, Нүхэн зараа, Маргад-Өгөөж, Мэлз зуслангийн орчимд баавгай үзэгдсэн гэх мэдээлэл байгаа тул нутгийн иргэдийг сэрэмжтэй байхыг Багануур дүүргийн Онцгой байдлын албанаас анхаарууллаа.