Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын тэжээлийг богино хугацаанд бэлтгэх боломжтой, дэвшилтэт технологи бүхий хөрсгүй тариалалтын хүлэмжийг ашиглалтад орууллаа.

Мандал сумын Засаг даргын Тамгын газар, Зүүнхараа Политехникийн коллеж, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Хөрсгүй тариалалт буюу тогтвортой мал аж ахуй” төслийн хүрээнд уг хүлэмжийг байгуулжээ. Тус хүлэмжид хөрс ашиглахгүйгээр ус, шим тэжээлийн уусмалын тусламжтайгаар ургамал ургуулж, 8–10 хоногийн хугацаанд шим тэжээллэг ногоон малын тэжээл бэлтгэх боломжтой юм. Энэ нь ялангуяа өвөл, хаврын улиралд малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх шинэ боломж болж байна.

Хүлэмж нь тэжээл үйлдвэрлэхээс гадна малчид болон Зүүнхараа Политехникийн коллежийн суралцагчдад технологийг өөрсдөө хэрэгжүүлж сурах бодит дадлагын орчин болж байна. Сургалтын явцад суралцагчид үр сонгох, ариутгах, соёолуулах, ургуулах, усалгаа болон шим тэжээлийн уусмалыг тохируулах, ургамлын өсөлтийг хянах, бэлэн болсон тэжээлийг хураан авах зэрэг үе шатыг биечлэн гүйцэтгэх юм. Ингэснээр суралцагчид зөвхөн онолын мэдлэг эзэмших бус, хөрсгүй тариалалтын технологийн бүрэн циклийг өөрсдөө хэрэгжүүлж, богино хугацаанд малын тэжээл үйлдвэрлэх практик ур чадвартай болно. Харин малчид уг технологийг өөрийн аж ахуйд нэвтрүүлэх аргачлал, тэжээл үйлдвэрлэх дараалал, арчилгааны үндсэн мэдлэгийг дадлагаар эзэмших боломжтой юм.

Төслийн хүрээнд бий болсон энэхүү сургалт, үйлдвэрлэлийн орчин нь мэргэжлийн боловсролын суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай практик ур чадвараар хангахын зэрэгцээ орон нутгийн малчдад тэжээлийн хангамжаа өөрийн нөөц боломжид тулгуурлан нэмэгдүүлэх арга эзэмшүүлэхэд чиглэж байна. Ийнхүү хөрсгүй тариалалтын технологийг сургалт, үйлдвэрлэлтэй хослуулан хэрэгжүүлснээр сурсан технологио бие даан хэрэгжүүлэх чадвартай суралцагч, өөрийн аж ахуйд нэвтрүүлэх мэдлэгтэй малчдыг бий болгох бодит үр дүнд хүрэх юм.