Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо


Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.

 Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилохдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, Засгийн газрын дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлыг давхар хариуцуулан гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна.

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ням-Осорын Учрал;

2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Сайнбуянгийн Амарсайхан;

3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд;

4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сандагийн Бямбацогт;

5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг;

6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Болдын Жавхлан;

7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Лхагвын Мөнхбаатар;

8.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдинням;

9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлут;

10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Батын Батбаатар;

11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр;

12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Тилеуханы Аубакир;

13.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан;

14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам;

15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Энхтайваны Бат-Амгалан;

16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Жадамбын Энхбаяр;

17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Энхбаярын Батшугар;

18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн;

19.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг тус тус томиллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд хандаж үг хэллээ.  

Тэрбээр “Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Иймд эвийг хичээж, эеийг эрхэмлэж, зөвшилцөл ойлголцлыг эн тэргүүнд эрэмбэлж, улс орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийг Засгийн газрын гишүүд Та бүгдээсээ эрхэмлэн хүсье.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэж, үнэнч, шударга, хариуцлагатай, манлайлал үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд монгол хүний хөгжлийг бодлогынхоо төвд нь тавьж, “Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилан ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Мөн Засгийн газрын тэргүүний хувиар кабинетын зарчмыг чанд мөрдөж, Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж, асуудлыг хамтран шийдвэрлэж, нэгдмэл байр суурьтай ажиллах ёстойг хариуцлагатайгаар сануулъя.

Улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьж, аль нэг намын эрх ашгийг төлөөлөх бус Засгийн газрын нэг танхимын гишүүн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, сэргэн мандсан хүчирхэг Монголын төлөө хамтран зүтгэцгээе” гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29