Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ


Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Б.Найдалаа, Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, Д.Бум-Очир, О.Саранчулуун, С.Зулпхар, Ц.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцов.

Улсын Их Хурлын удирдлага, гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд доктор, профессор С.Нарангэрэлтэй дурсгалын зураг татуулсны дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд урьж, баяр хүргэлээ. 1992 онд Улсын Их Хурлын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшин сонгогдож, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг амьдралд анхлан хэрэгжүүлж, өнөөгийн Монгол Улсын төр, нийгмийн байгуулал, эрх зүйн тогтолцооны үндэс суурийг тавин, тухайн үед дагаж мөрдөж байсан бүх хуулийг шинэ Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлал, агуулгатай нийцүүлэх талаар нөр их ажлыг хийж гүйцэтгэсэн, өөрийнх нь тодорхойлсноор “Дахин хэзээ ч давтагдашгүй парламент”-ын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан ахмад парламентч С.Нарангэрэл Монгол төрийн тэргүүн зэргийн одон хүртсэн нь парламентын төдийгүй Монголын хууль, эрх зүйн салбарын түүхэн үүрэг, нэр хүндийг өндөрт өргөсөн явдал гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэ үеэр онцолсон юм. Тэрбээр хууль, эрх зүйн эрдэм шинжилгээ, судалгааны олон арван бүтээл туурвиж, гадаад орнуудын эрх зүйн тогтолцоог судлах, тэдгээрээс суралцах ажлыг манлайлсан нэрт судлаач болохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал дурдаад, хууль зүйн нэр томьёо, эрх зүйн тайлбар толь цуврал бүтээл, англи, орос хууль зүйн толь бичиг зохион туурвисны дотроос “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” шагнал, монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмрийг эх сурвалжид тулгуурлан тайлбарласан, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодорхойлсон бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэнийг цохон тэмдэглэв.

“Хууль бол хүмүүний ёс суртахууны эрхэм нандин харилцаа, шударга ёс, нинжин сэтгэл, эс шунахуй, нэр төр, жудаг, эв эе, тэсвэр тэвчээр, үнэн гэсэн эрхэм чанарыг хамгаалж бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг механизм. Хууль бол ёс суртахуун. Хууль тогтоогчид маань үүнийг л бодож ажиллаасай”  гэсэн  захиас  сургаал тань төрийн түшээд бидний үзэл санааны үндсэн зарчим, үйл ажиллагааны эрхэмлэн дагах зам мөр байх болно хэмээн тэрбээр илэрхийлж, алд цэнхэр хадаг, эзэн Чингис хааны эш хөрөг, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж 21 боть номыг гардуулав.

Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл ажил, амьдралынхаа бүх цаг, орчинд Их эзэн Чингис хааны билэг сургаал, түүний бий болгож үлдээсэн монгол бахархлыг чанд баримтлан, сурган таниулж явдаг нэрт соён гэгээрүүлэгч, олон улсад хүндтэй эрдэмтэн болохыг нь танилцуулж, аливаа хуулийг бий болгох үндэс нь ёс суртахуун бөгөөд үүнийг түшиглэж гаргасан хууль нийгэмд өөрөө тогтож мөрдөгддөг зарчмыг тодорхойлсон академич С.Нарангэрэлийн онолын гаргалгаа ихээхэн ач холбогдолтойг дүгнэн хэлэв.

“Чингис хаан” одонт, МУИС-ийн эмерит профессор, академич С.Нарангэрэл энэхүү тэргүүн зэргийн шагналыг хүртэхэд надад олон зүйл нөлөөлсний нэг нь Монгол Улсын анхны Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллах хувь тохиосон явдал хэмээн өгүүлээд, улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун түүх, аймшигт технологийг судалж, олон мянган хэргийн материал, хууль зүйн баримтуудтай танилцсаны дүнд аливаа улс орон бүхэлдээ аль нэг гүрний дагалдагч улс байж болдоггүй юм байна гэдгийг ойлгож ухаарснаа ярьсан юм. Тэрбээр, Монголын ард түмэн ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл дүүрэн байж, эзэн Чингис хааныхаа голомтыг чандлан сахиж оршихуйн нөхцөлийг бүрдүүлэхэд Улсын Их Хурлын гишүүд та бүхний хүчин зүтгэл, баталж буй хууль маш их хэрэгтэй хэмээн зориуд тэмдэглэж, дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоох үйл хэргийг манлайлж байсан дээдсийнхээ хүчирхэг ёс суртахууныг баримталж ажиллахыг захилаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 2026/09/10
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 2026/09/10
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 2026/09/10
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 2026/09/10
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 2026/09/10
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 2026/09/10
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 2026/09/10
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 2026/09/09