НҮБ-ын Олон улсын энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд оролцсон Монголын анхны хошууч генерал Б.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хүлээн авч уулзлаа. Б. Эрдэнэбат нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.
Хошууч генерал Б. Эрдэнэбатын хувьд хамгийн сүүлд Кипр дахь ажиллагаанд оролцож байна. Кипр дахь ажиллагаа нь дэлхий дахинд НҮБ-ын явуулж буй 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм.
20 гаруй мянган монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо нэр хүндийг олон улсад бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэмдэглэлээ.