“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний 48 кг-ын жинд хүч сорьж буй 2024 оны дэлхийн аварга, олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү эхний тойрогт Нидерландын тамирчин Амбэр Гэрсжэстай хүч сорьж, нэмэлт цагт оноогоор яллаа. Амбер Гэрсжэсийн тухайд, ердөө нэг сарын өмнө Душанбед финалдаж, үүнээс хэдхэн хоногийн дараа Казахстаны Их дуулгад түрүүлчихээд ирсэн билээ. Манай тамирчин эхэлж оноо алдсан хэдий ч, үндсэн цагийн төгсгөлд жийх мэхээр оноог нөхөж, улмаар нэмэлт цагт ялснаар шигшээ 16-д шалгараад байна. 2024 оны дэлхийн болон Азийн аварга, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү 2 жил орчим завсарлаад ахин Олон улсын тэмцээнд ийнхүү оролцож байна.
