Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 18-29-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдрүүдэд залуучуудын эрэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Баяржаргал суултын төрөлд 180 кг өргөснөөр алт, шахалтын төрөлд 110 кг шахсанаар алт, таталтын төрөлд 215 кг татсанаар тус, тус алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртлээ. Ингэснээр залуучуудын ДАШТ-д нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болов. Мөн залуучуудын 66 кг-ын жинд Б.Ууганбат таталтын төрөлд мөнгө, залуучуудын эмэгтэйчүүдийн ангиллын 52 кг-ын жинд Н.Наранзул суултын төрөлд мөнгө, шахалтын төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.
Эх сурвалж:Биеийн тамир, спортын улсын хороо