Солонгосын шарсан тахиа хэзээнээсээ л хүмүүсийн идэх дуртай хоол байв. Гэвч 400 метр урт ширээг зөвхөн шарсан тахиагаар дүүргэн зассан онцгой үйл явдал Солонгосын шарсан тахианы соёлыг шинэ түвшинд гаргалаа. Тодруулбал, Сөүл хотын захиргаа аравдугаар сарын 25-ны өдөр Жамсу гүүр дээр шарсан тахианы фестиваль зохион байгуулжээ. Энэ өдөр гүүрний хөдөлгөөнийг зогсоож, зөвхөн явган зорчигчдод л нээлттэй болсон байна.

Уг фестиваль нь Машингүй Жамсу гүүр арга хэмжээний хүрээнд зохион байгуулагджээ. Арга хэмжээний хүрээнд иргэд 16:00, 18:00 цагуудад хоёр удаа хооллосон байна. Тухай бүрт нь 1000 орчим хүн мөнөөх 400 метр урт ширээг тойрон сууж, шарсан тахиа зооглоцгоожээ.
Тэр урт ширээг дүүргэхийн тулд шарсан тахиагаар үйлчилдэг 10 ресторан бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Үүнд, "BBQ", "Puradak", "Mom’s Touch", "Mexicana Chicken", "Jadam Chicken" гэсэн олон улсын франчайзуудаас гадна дотоодын "Manseok Dakgangjeong", "Chicken Today", "Banpo Chicken" зэрэг ресторан оролцжээ. Харин оролцогчид урьдчилан бүртгүүлж, тэдгээр 10 рестораны цэснээс сонголтоо хийжээ. Мөн оролцогчид сонголтоороо ялгарах өөр өөр өнгийн бугуйвч зүүсэн байна.