С.Чинзориг: Сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд ороод байна


Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.25/ хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг С.Чинзориг нарын УИХ-ын  гишүүд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Төслийн талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг "Аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д нь нэг удаа мөнгөн урамшууллыг олгож байна.

Аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин зохицуулалт байхгүйн улмаас сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байна. Тухайлбал, их сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багшийн үндсэн цалин 850.0–950.0 мянга төгрөг, эмнэлэгт эмчээр ажиллаж байгаа эмчийн үндсэн цалин 850.0–950.0, ажиллаж байгаа албан хаагчийнх 840.0–940.0 мянга төгрөг байна. Харин их сургууль төгсөөд сумын төрийн захиргааны албанд ажиллаж байгаа албан хаагчийн үндсэн цалин 615.0 мянган төгрөг байна. Цалин хөлс бага, нийгмийн баталгаа сул байгаагаас шалтгаалан сумын Засаг даргын тамгын газарт мэргэжилтнээр орж ажиллах сонирхолтой хүн цөөн байна. Тухайлбал, улсын хэмжээгээр 1338 орон тоо сул байгаагаас 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 319 мэргэжилтэн өөр ажилд шилжсэн байна.

Сумын Засаг даргын тамгын газруудад 1089 сул орон тооны захиалга Төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн боловч 499 сул орон тоонд нөөцөд бүртгүүлсэн иргэн байхгүй, 413 сул орон тоонд иргэн бүртгүүлээгүйн улмаас сул орон тоо нөхөгдөж чадаагүй байна.

Иймд аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл буюу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмж тусгах хуулийн төслийг боловсрууллаа" гэв.

Аймгийн төвөөс бусад 309 сумын Засаг даргын тамгын газарт нийт 2487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байна. Үүнээс тус байгууллагад тасралтгүй 1 жил ажиллаж байгаа 297, 2 жил ажиллаж байгаа 206, 3 жил ажиллаж байгаа 232, 4 жил ажиллаж байгаа 218, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа 1534 албан хаагч байгаа аж.

Хуулийн төсөл батлагдсанаар сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болох бөгөөд 2023 онд 1534 хүнд олгох мөнгөн урамшуулалд 5.0 тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар 1.0 тэрбум төгрөг шаардагдана хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас санал авахад аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг дээшлүүлэх хүрээнд орон нутгийн нэмэгдлийг сар бүр олгодог байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөж холбогдох тооцоо судалгааг хийж байна гэсэн хариу ирүүлжээ. Шинэчлэл хийх үеэр энэ асуудлыг нэг мөр авч үзэх нь зүйтэй юм биш үү.

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Чинзориг "Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, цалин хөлсний шинэчлэл хийх, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгодог байх чиглэлээр 2023 оны төсвийн төсөлдөө тусгахаар боловсруулж байгаа гэсэн утгатай санал ирүүлсэн. 2023 оны төсвийн төслийг харахаар төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй байх, үүний 20 хүртэлх хувийг улсын өгөх зохицуулалт орж ирсэн байна. 20-иос дээш хувийн нэмэгдэл өгөх асуудлыг төсвийн боломж, орлогын бүрдүүлэлтээсээ хамаараад орон нутаг өөрсдөө шийдэж байх зохицуулалтыг тусгасан байна. Өнөөдөр ярьж байгаа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжвэл Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хамтатгаад хэлэлцээд явж болно гэж бодож байна" гэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Улсын хэмжээнд сумдын Засаг даргын тамгын газрын 1300 гаруй орон тоо одоогоор сул байгаа гэсэн судалгаа байна гээд хууль санаачлагчид үүний шалтгааныг тодруулсан эсэхийг лавлаж байлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Сумдын Засаг даргын тамгын газарт 1338 орон тоо сул байна гэсэн тоог Төрийн албаны зөвлөлөөс авсан. 854 нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 319 нь өөр ажилд шилжсэн байна. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудалд анхаарч, ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал гэдэг нь харагдаж байна. Мөн Төрийн албаны зөвлөлөөс явуулдаг шалгалт, түүний нөхцөл, албан тушаалын тодорхойлолттой холбоотой асуудлууд бий. Ер нь өнөөдрийн тавьж буй асуудал бол орон нутагт төрийн захиргааны албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар авах арга хэмжээний нэг л хэлбэр нь юм" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулж, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа ард иргэдээ болон нийслэлээс орон нутаг руу шилжин ажиллах төрийн албан хаагч болон бусад иргэдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдээд эхэлсэн. Ипотекийн зээлийг Улаанбаатарт зургаан хувиар олгох бол орон нутагт амьдарч байгаа иргэдийнхийг гурван хувь болгож байна. Мөн орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин, урамшууллын хэмжээг 20-100 хувиар нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны төсвийн хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусгасан байгаа. Хэлэлцэж буй хуулийн төсөл энэ бодлоготой нийцэж байна гэж үзэж байгаа болохоор хэлэлцэхийг дэмжиж байна" хэмээв.

Ингээд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин,… 2026/01/23
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ "2025 ОНЦЛОХ АЖЛУУД" 2025/12/26
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе ша… 2025/12/23
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагаа… 2025/12/17
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ техно… 2025/12/16
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр … 2025/12/12
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдв… 2025/12/11
Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэ… 2025/12/10
УИХ-ын дарга Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт… 24 минутын өмнө
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт… 23 цагийн өмнө
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Япон Улсад ажлын ай… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА 2025/12/05
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тө… 2025/12/03
Монгол улс, ОХУ-тай ирэх таван жил хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тохир… 2025/12/03
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАЙЛШ… 2025/12/02
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ 2025/12/01
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээ… 2025/11/28
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТ… 2025/11/28
Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилда… 2025/11/26
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэ… 2025/11/25