Ерөнхий сайд Н.Учрал Loro Piana компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арнутай уулзжээ.Тэобээр, "Дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арнутай уулзлаа.Loro Piana Монгол малчидтай олон арван жил хамтран ажиллаж, ноолуурын хэмжээнээс илүү чанарт анхаарч иржээ. Сүхбаатар аймгийн таван суманд хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөөр малчдын амьжиргааг дэмжихийн зэрэгцээ бэлчээр, хөрс, биологийн олон байдлаас хамгаалж байна.Энэ хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцлаа. Монгол ноолуур дэлхийн хамгийн үнэтэй хувцасны түүхий эд болж байна. Ноолуур чанартай байх тусам илүү үнэд хүрдэг, Монголдоо ээрч, нэхэж, сүлжиж, ажлын байр, орлого нь Монголд үлддэг байх ёстой. Засгийн газар түүхий эдийн экспортоос өндөр үнэ цэн шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт руу шилжих бодлого баримталж байна. Үр дүнд нь малчин олон ямаатай байснаараа биш, чанартай ноолуур бэлтгэснээрээ илүү орлоготой болно. Бэлчээрээ хамгаалах нь малчинд зардал биш, орлогоо өсгөх хөрөнгө оруулалт болно. Монгол ноолуур түүхийгээрээ биш, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор дэлхийн зах зээлд илүү өндөр үнэд хүрэх юм" гэжээ.