Төв Азийн Органик Форум ба Экспо – 2026” арга хэмжээ Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 29–30-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус форумыг Төв Азийн орнуудаас санаачлан олон улсын бүс нутгийн органик салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2024 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо, 2025 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо тус тус амжилттай зохион байгуулжээ. Энэхүү 3 дахь удаагийн форумыг Монгол Улсад зохион байгуулахаар органик салбарын иргэний нийгмийн байгууллагууд харилцан тохиролцжээ. Энэхүү форум нь Төв Азийн орнуудын органикийн салбарын фермерүүд, нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй, тариаланч, хүнсний болон хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, шинжлэх ухаан, инновац, баталгаажуулалт, итгэмжлэл, худалдаа, экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид нэгдэж, хөгжлийн асуудлаар туршлага солилцон, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж, хэрэгжүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ юм. Мөн органик бүтээгдэхүүний үзэсгэлэн (Organic Expo), B2B бизнес уулзалтууд, экспортын хэлэлцээрүүд зохион байгуулагдаж, үйлдвэрлэгчид шинэ түнш, зах зээлийг бий болгох боломж бүрдэх юм.Тус арга хэмжээг Төв азид Монгол Улсын органикийн салбарын томоохон төлөөлөл болох “Торгоны замын энхийн элч” Төрийн бус байгууллагаас санаачлан Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэг, IFOAM Organics Asia-ийн оролцоотойгоор зохион байгуулж байна.