Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабаас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгуулж, шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат шатахууны чанар, хангамжийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тэс, Шунхлай, Петровис, Сан Петролиум зэрэг компанийн шатахуунаас нийт найман дээж авч шинжилсэн. Шинжилгээний хариу гарсан.
Мөн шинжилгээг Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид хийж, үр дүнг гаргасан. Тиймээс ШТС-уудаар борлуулж буй энгийн болон Евро-5 ангиллын АИ-92 автобензин стандартын шаардлага хангасан гэдэгт эргэлзэх зүйлгүй хэмээв.
Шатахууны хангамжийн тухайд, Монгол Улсад өчигдөр АИ-92 автобензиний 56 вагон буюу нийт 3000 тонн бүтээгдэхүүн орж ирсэн. Бүтээгдэхүүн агуулахад бууж, түгээлт хийж байна. Мөн орон нутагт түгээлтийг эрчимжүүлж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд 1500 гаруй ШТС үйл ажиллагаа явуулдаг байна.