Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй албаныхан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажиллаж, 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа. Тодруулбал, ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн талбайд нийтийн орц, гарц болон ойн зурвасыг хаасан, мөн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байгаа юм. Гаргасан шийдвэрийнхээ талаар Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) болж байгаа энэ өдрүүдэд бид ногоон байгууламждаа хэрхэн хандаж байгаа вэ гэдгээ эргэн харах ёстой. UNCCD COP17 хурал эхэлсэн өдрөөс нэг ч гэсэн мод тарих хөрөнгө босгохоор олон улсын байгууллага, томоохон групп компаниудтай ажиллаж байна. Гэтэл бид ногоон бүсдээ хэрхэн хандаж байна вэ гэдгээ эргэж харах цаг болжээ. Улаанбаатар хотын нэг иргэнд ногддог ногоон байгууламж 5.9 м2 байдаг, энэ бол олон улсын дунджаас маш бага үзүүлэлт.

Улаанбаатар хотын захирагчийн хувьд зориулалт бусаар олгогдсон газарт ирж ажиллаж, зөрчлүүдийг тодруулж байна. Ойн сан бүхий бүсэд 11 мянга гаруй нэгж талбарт газар олгосон байна. Бид яг одоо Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Миний ард байгаа байшингууд бүгд зөвшөөрөлгүй газарт баригдсан. Зөвшөөрөлгүйгээр цахилгаан татсан. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, орц гарц хаасан, эрсдэлтэй нөхцөл байдалд газар олгосон 407 нэгж талбарыг өнөөдөр цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдье. Цаашдаа орц гарц хаасан, ойн санд олгосон газрыг зөв төлөвлөлт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлнэ. Дээшээ харахад дөрөв, тав давхарлаад газар олгосон байгаа. Ойн санд олгосон газрыг бүгдийг цуцалж байна. Улаанбаатар хотын ногоон бүс бол хэн нэг хүний эзэмшил биш. Улаанбаатар хотын 1.8 сая иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах ногоон бүс юм. Тийм учраас Улаанбаатар хотын захиргаанаас энэ бүс нутгаа хамгаалах зорилгоор дээрх шийдвэр гаргаж байна.

Гал түймэр гарахад гал командын машин дээшээ гарах боломжгүй, байгаа. Адаглаад өвлийн улиралд хүүхдээ чаргаар гулгуулъя гэхэд хашаалаад ойн бүсийг хаасан. Зуны улиралд хүүхдээ салхилуулъя, залуучууд, ахмад настан уул руу алхая гэхэд боломжийг нь хязгаарлаж байгаа. Тийм учраас нийтийн эзэмшлийн нийтийн үнэт зүйлээ хамгаалж байгаа, иргэддээ хүртээмжтэй болгож байгаа шийдвэр гэдгийг ойлгоорой. Цаашдаа бид шат дараатайгаар ойн сан бүхий газруудаа цэгцэлж, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэлээ.