“УИХ таныг сонсож байна” цэсэнд иргэдээс ирүүлсэн саналуудыг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, иргэдийн өдөр тутмын хэрэглээний төлбөрүүд болох үүрэн холбоо, цахилгаан, дулаан, ус болон бусад хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд сөргөөр нөлөөлөхгүй боллоо.
Тус шийдвэрийн үр дүнд 390 гаруй мянган өр төлбөрийн мэдээлэл болон 300 гаруй мянган хүлээгдэж буй төлбөрийн мэдээлэл, нийтдээ 700 орчим мянган мэдээлэл зээлийн оноог тооцоход хасах нөлөө үзүүлэхгүй болсон байна.
Жич: Таны зээлийн түүхэнд дээрх төлбөрийн мэдээллүүд харагдах боловч, зээлийн оноог тооцоход хасах нөлөө үзүүлэхгүй, таны зээлийн оноог бууруулахгүй. Түүнчлэн Монголбанк иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж буй зохицуулалт, журмуудыг шинэчлэх, Зээлийн мэдээллийн сангийн оноо тооцох аргачлалыг илүү уян хатан, боловсронгуй болгох чиглэлээр ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
УИХ таныг сонсож, хамтдаа шийдвэрлэсээр байна гэж УИХ-ын дарга С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.