Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд гол, усны ослын 297 удаагийн дуудлага бүртгэгдэж, усны ослын улмаас 105 хүн амиа алдсаны 22 нь хүүхэд байна. Мөн улсын хэмжээнд сүүлийн 10 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн гэсэн харамсалтай статистик байна. Аялал, зугаалгын улирал болон хур бороо ихтэй үед гол, нуур, суваг шуудуу, үерийн ус орчимд иргэдийн осолдох эрсдэл нэмэгддэг. Иймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрсдэлийн талаарх мэдлэг, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Бүү бас” нөлөөллийн аян үргэлжилж байна. Онцгой байдлын байгууллагын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45,446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 2,623 хүн амиа алдсан байна. Тэдний 516 нь хүүхэд бөгөөд амиа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас энджээ.
Нийслэлийн хэмжээнд ч усны ослын нөхцөл байдал анхаарал татаж байна. Сүүлийн таван жилд гол, усны ослын 297 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, голын салаанд автомашин суусан болон боогдсон тохиолдлуудаас 1,068 иргэнийг, усны ослоос 60 хүний амь насыг аварчээ. Гэсэн хэдий ч энэ хугацаанд усны ослын улмаас 105 хүн амиа алдсаны 22 нь хүүхэд, 83 нь насанд хүрсэн хүн байна.
Эдгээр тоо баримт нь усны осол зөвхөн аялал, зугаалгын үеийн санамсаргүй эрсдэл биш, иргэд тогтмол анхаарч, урьдчилан сэргийлэх шаардлагатай аюул болохыг харуулж байна. “Бүү бас” аяны хүрээнд иргэдэд усны гүнийг тааж гол, үерийн усыг туулахгүй байх, хүүхдийг гол, нуур, суваг шуудууны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх, цаг агаар болон мэргэжлийн байгууллагаас хүргэж буй сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг сануулж байна.
Усны амгалан төрхөнд бүү хуурт. Эрсдэлийг бүү бас, гүнийг бүү таа.