Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2026.09.07) эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлт 10.02 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 64.3 хувийн ирцтэй болов.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт улсын төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч буйг онцолсон юм.

Тэрбээр, геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, эрчим хүч, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнээр дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ эгзэгтэй цаг үед бидэнд улс төржсөн төсөв бус, улсаа бодсон хариуцлагатай төсөв, өнөөдрийг аргацаасан зохицуулалт бус харин маргаашийн тогтвортой байдлыг хамгаалсан бодлого хэрэгтэй гэлээ. Хувийн хэвшлийн орон зайг тэлж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарахыг Улсын Их Хурлын дарга уриалаад, аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар Засгийн газрын төсөв санаачлах эрхийг хязгаарлах нь зохимжгүй гэдгийг сануулан хэлсэн юм.