Сүүлийн үед АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед гадаадын иргэдийг нэмэлт шалгалтад хамруулах, зарим тохиолдолд удаан хугацаагаар саатуулах, АНУ-д нэвтрүүлэхээс татгалзах тохиолдол нэмэгдэж буй талаар мэдээлэл гарч байна. Иймд АНУ-д зорчих Монгол Улсын иргэд аяллын өмнө өөрийн виз, цагаачлалын статус болон зорчих зорилготой холбоотой баримт бичгээ сайтар нягталж, шаардлагатай мэдээллийг биедээ авч явахыг зөвлөж байна.
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны мэдээлэлд дурдсанаар, хүчинтэй виз нь гадаадын иргэнд АНУ-ын хилийн боомт хүртэл зорчиж, нэвтрэх хүсэлт гаргах эрх олгодог бөгөөд АНУ-д нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг тухайн хилийн боомтод U.S. Customs and Border Protection (CBP)-ийн албан хаагч гаргадаг. Иймд хүчинтэй паспорт, виз болон бусад шаардлагатай баримт бичигтэй байсан ч зорчигчийг нэмэлт буюу “secondary inspection” шалгалтад хамруулах, нэвтрэх нөхцөл, зорилгыг нь тодруулах тохиолдол гарч болзошгүй юм.
Аяллын өмнө дараах зүйлсийг нягтлахыг зөвлөж байна:
Паспорт болон АНУ-ын визийн хүчинтэй хугацаа, визийн ангилал зорчих зорилготой нийцэж байгаа эсэх;
АНУ-д өмнө нь оршин суусан бол өөрийн I-94 бүртгэл болон зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлээгүй эсэх;
Оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогч бол I-20, DS-2019 болон бусад холбогдох баримт бичиг хүчинтэй эсэх;
АНУ-д зорчих зорилго, байрлах газар, буцах нислэг болон шаардлагатай тохиолдолд сургууль, ажил, урилга зэрэгтэй холбоотой мэдээллийг тодорхой, үнэн зөв өгөх;
Өмнө нь АНУ-д визийн нөхцөл зөрчсөн, зөвшөөрөгдсөн хугацаанаас хэтрүүлэн оршин суусан, цагаачлалын статус өөрчлөгдсөн, баривчлагдсан болон эрүүгийн хэрэгт холбогдож байсан бол аяллын өмнө өөрийн нөхцөл байдлыг сайтар нягтлах.
Нэмэлт шалгалтын талаар
U.S. Customs and Border Protection (CBP) мэдээлснээр, АНУ-д нэвтрэхээр ирсэн зорчигчийг баримт бичиг, цагаачлалын асуудлыг тодруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, санамсаргүй сонголт болон бусад шалтгаанаар “secondary inspection”-д шилжүүлдэг байна. Мөн АНУ-ын хилээр нэвтрэх үед CBP тодорхой нөхцөлд гар утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжид шалгалт хийх эрхтэй байдаг. Гадаадын иргэнийг АНУ-д нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ CBP тухайн нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үздэг болохыг анхаарна уу.
АНУ-д хууль ёсоор оршин суугаа иргэд дотоодын нислэгээр зорчихдоо мөн анхааралтай байна уу. Сүүлийн үед АНУ-ын дотоодын нисэх буудлуудад ч цагаачлалын асуудлаар зарим гадаадын иргэнийг саатуулсан тохиолдлууд нэмэгдэж байна. Иймд АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд өөрийн цагаачлалын статус, I-94 болон холбогдох баримт бичгийн хүчинтэй байдлыг нягталж, ялангуяа статусын хугацаа дууссан, сунгах болон статус өөрчлөх хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа, эсхүл өмнө нь цагаачлалын болон эрүүгийн асуудал үүсэж байсан тохиолдолд аяллын өмнө шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй.
Эх сурвалж: U.S. Department of State – Visa Information Resources, U.S. Customs and Border Protection (CBP) – International Travel and Admissions
Жич: АНУ-д нэвтрүүлэх эсэх шийдвэрийг АНУ-ын эрх бүхий байгууллага тухайн зорчигчийн нөхцөл байдалд үндэслэн гаргадаг. Энэхүү мэдээлэл нь иргэдэд аяллын өмнөх бэлтгэлээ хангах, холбогдох баримт бичгээ нягтлахад зориулсан ерөнхий зөвлөмж болно.