Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ дэд төвийн орон сууцны 1м2-ын үнэ 3.7 саяас 3.9 сая төгрөгийн хооронд байна” гэж мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр “Сэлбэ ухаалаг хотыг барих зорилгоор нийслэлээс 500 сая ам.долларын бонд гаргасан. Нийт дүнгээрээ 2.3 их наяд төргрөг юм. Ирэх 2027 онд 8000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2028 онд нийгмийн байгууламж буюу худалдааны үйлчилгээний төв, оффис баригдана. Сэлбэ ухаалаг хотыг байгуулахаар босгосон бондын мөнгийг зөвхөн төсөлд л зориулна. Нийтдээ 8575 айлын орон сууц баригдах юм. Борлуулалтаар нь бондын төлбөрийг хийнэ. Тэр хавийн орон сууцны дундаж үнэ 3.7 саяас 3.9 сая төгрөгийн хооронд байна. Бид тэр үнэд нь л борлуулалт хийнэ. Сэлбэ ухаалаг хот халамжийн хот биш. Анх удаагаа хотын төлөвлөгөөтэй байгуулагдаж байгаа хот юм. Сургуультай, цэцрэлэгтэй, үйлчилгээтэй, ногоон байгууламжтай. Эдийн засгийн технологийн тусгай бүс болгосон, татварын тодорхой хөнгөлөлт үзүүлж, шинэ технологийн бизнесийг дэмжих зорилготой байгуулж байгаа хот юм” гэлээ.
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлээс 2023 оноос эхлэн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод газар чөлөөлснөөр Сэлбэ хот байгуулахаар ажлыг эхлүүлсэн түүхтэй. Барилгын ажлын гүйцэтгэл эдүгээ 40 орчим хувьд хүрсэн. Олон нийтийн хувьд тус орон сууцны 1м2-ын үнэ хэд байх вэ гэдэгт анхаарал хандуулж ирсэн. Нийслэлээс анх 1м2-ын үнэ 5 сая төгрөг рүү дөхөж байна гэж мэдэгдсэн юм. Гэхдээ үүнд орон сууцыг дагаж баригдах сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн үнэ шингэсэн гэж тодотгосон. Ерөнхий сайд Н.Учрал “Зорилтот бүлгийнхнээ орон сууцаар хангах нь Засгийн газрын гол зорилго. Сэлбэ ухаалаг хотын орон сууцны 1м2 нь 5 сая төгрөгөөр тогтох нь өндөр, зорилтот бүлгийнхэн хамрагдах боломжгүй болно. Иймээс нийслэл үнийн судалгааг дахин оруулж ирэх ёстой, үнэ буух ёстой” гэх асуудлыг тавьж, нийслэл судалгаа хийхээр болсон юм.
Нийслэлийн хувьд Сэлбэ дэд төвийг дагаж баригдаж байгаа орон сууцны үнийг есдүгээр сард багтаан тодорхой болгох үүрэг хүлээн аваад байсан юм.