“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг ээлжит 40 дэх удаагийн Номын баяр ирэх баасан гарагт /2026.09.18/ нээгдэх гэж байна.
Энэ жил Үндэсний номын баярын 20 жилийн ой тохиож байна. Гурван өдөр үргэлжлэх “Номын баяр”-ын үеэр уламжлал ёсоор зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзах, шинэ номын нээлт хийх, гарын үсэг зурах өдөрлөг, номын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Энэ удаагийн номын баяраар олон улсын хэвлэлийн салбарт Энэтхэгийг төлөөлөн оролцдог “Aazhi” паблишингийн үүсгэн байгуулагч Сэнтил Натан, Азийн хамгийн том хүүхдийн номын баярын нэг болох “Нами” фестивалийн захирал Фрэд Минн багийнхаа хамт, Японы зурагт номын нэрт зохиолчид болох Хоса Сачиёо, Ито Хироши, мөн Киргизийн нэрт зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Султан Акимович Раев, “IBBY” Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн ерөнхийлөгч асан, гүйцэтгэх хорооны гишүүн Жан Минжөү зэрэг ОХУ, БНХАУ, БНСУ, Японы зохиолч, хэвлэлийн компаниудын төлөөлөгчид оролцоно.