Энэ сарын 11-нээс 13-ныг дуустал жүдогийн Унгарын Их Дуулга тэмцээн боллоо. Нийт 67 орны 504 жүдоч өрсөлдсөн тус тэмцээнд Монголоос есөн тамирчин өрсөлдөв. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ө.Бямбасүрэн мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн байна. Нийт 29 улс ямар нэгэн медаль хүртсэнээс Монголын баг 14 дүгээр байранд жагсав.
Японы баг гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээр медалийн чансаагаар тэргүүлсэн бол ОХУ хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Израиль хоёр алт, нэг хүрэл медалиар удаалжээ. Түүнчлэн Бразил, Азербайжан, Итали, Испани, Хорват, Болгар, Грек тус бүр нэг алтан медаль зүүв.

Өдгөө 23 настай Ө.Бямбасүрэнгийн хувьд Их Дуулга тэмцээнээс анхны медалиа хүртсэн юм. Ингэснээр тэр дэлхийн чансаандаа 700 оноо нэмэрлэж, нийт 705 оноогоор 446 байр ахиснаар 69-д бичигдэж эхэллээ. Тэгвэл олимпоос хойш хэсэг хугацаанд завсарлаад эргэн ирсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Баасанхүү олон улсын хоёр дахь тэмцээндээ оролцоод хүрэл медаль зүүлээ. Ийнхүү Б.Баасанхүү дэлхийн чансаанд 660 оноогоор 53-т жагсах болсноор ирэх аравдугаар сард болох жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох боломжтой болж байна. Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны дүрмийн дагуу дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчин ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох боломжтой юм.