Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.09.15/ бараалхлаа.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд ноён И Ман Хи-д Монгол Улсад болж буй "Сүрьеэтэй тэмцэх Азийн хамтын ажиллагааны 9 дэх удаагийн форум"-д оролцохоор ирсэнд талархал илэрхийлээд, форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа бэхжиж, шинэ шатанд гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнгөрсөн зун Үндэсний их баяр наадмаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататган бэхжүүлсэн нь түүхэн чухал үйл явдал болсныг тэмдэглэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, соёл, аялал жуулчлал, ялангуяа эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж, үр дүнд хүрч буйг Улсын Их Хурлын дарга дурдаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Эрүүл Монгол хүн" санаачилгын хүрээнд “Хавдар судлалын үндэсний II төв”-ийг шинээр байгуулах төсөлд ахиц гарч, тохиролцоонд хүрсэн нь онцгой ач холбогдолтой явдал болохыг онцлон тэмдэглэлээ. Улмаар "Хавдар судлалын үндэсний II төв" байгуулах төсөл нь тус улсын анагаах ухаан, технологийн ололт, амжилтыг Монгол Улсад нэвтрүүлэх, олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд ач холбогдолтой төдийгүй хоёр улсын нөхөрлөл, хамтын ажиллагааны бодит үр дүн, бэлгэ тэмдэг болсон төсөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, өнөөдөр Монгол Улсын 60 мянган иргэн БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буйг дурдаад, сүүлийн үед монголчууд тус улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нь ихэссэн. Иймд ялангуяа эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаар тус улсыг зорьж буй иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, уян хатан бодлого барих чиглэлд анхаарал тавьж, ажиллахыг хүслээ. Мөн тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах орчныг бүрдүүлэх, цаашлаад хууль ёсны дагуу зорчиж буй монгол иргэдэд тавигдах визийн шалгуурыг тодорхой болгох, мэдээлэх, хилээс буцаах шийдвэрийн үндэслэлийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлан, хүндэтгэлтэй харилцах асуудалд анхаарч, үр дүнтэй хамтарч ажиллахыг хүссэн юм.