ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Admin
1 цагийн өмнө

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XVI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга хошууч генерал Б.Баатар болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, энхийг сахиулагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов. Батлан хамгаалахын сайд Д.Батлут энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 20 гаруй жилийн турш нэр төртэй үүрэг гүйцэтгэж ирснийг онцлоод, энэхүү нэр хүндтэй уламжлалыг үргэлжлүүлэн, Монгол цэргийн ур чадвар, сахилга хариуцлагыг олон улсын тавцанд өндөрт өргөхийг захилаа. Тэрбээр “Та бүхэн хүний газар, хариуцлагатай үүрэг гүйцэтгэхдээ хамгийн түрүүнд өөрсдийн болон нөхдийнхөө аюулгүй байдлыг хангаж, бие биедээ анхаарал халамж тавьж яваарай. Цэргийн багийн нэгдмэл ажиллагаа, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадвар бол үүргээ амжилттай гүйцэтгэх үндэс. Монгол Улсын төр, ард түмний итгэлийг дааж, үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо эсэн мэнд эргэн ирэхийг хүсье” хэмээн захив.

Энэ өдөр энхийг сахиулагчдын ар гэрийнхнийг төлөөлж дэд ахлагч Б.Тэнгисийн аав Н.Байгаль үг хэлэв.

Тэрбээр хүүгээ Зэвсэгт хүчний шилдэг алба хаагчидтай мөр зэрэгцэн эх орноо төлөөлж байгааг харах бахархалтай байгаагаа илэрхийлээд:

“Монгол аав, ээжүүд алс газар явсан үр хүүхдүүдийнхээ хойноос цай, сүүнийхээ дээжийг өргөн, эсэн мэнд сайн яваад ирээсэй хэмээн залбирч суудаг. Та бүхэн хүний газар бие биедээ дэмтэй, аюулгүй байдлаа сайтар хангаж, эрүүл мэнддээ онцгой анхаарч яваарай. Ар гэрийнхэн бид та бүхнийхээ сэтгэлийг амар байлгаж, сайн сайхныг хүсэн хүлээх болно” хэмээлээ.

Монгол Улсын энхийг сахиулагчид Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энгийн иргэдийг хамгаалах НҮБ-ын мандаттай үүргээ гүйцэтгэж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөхөөр мордож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… 41 минутын өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ 50 минутын өмнө
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 1 цагийн өмнө
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … 16 цагийн өмнө
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 16 цагийн өмнө
ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭ… 16 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… 19 цагийн өмнө
1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА 20 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ 23 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛЫН ЭНГЭРТ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРГ… 23 цагийн өмнө
МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛА… Өчигдөр
Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БО… Өчигдөр
Н.УЧРАЛ: ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА Өчигдөр
УНГАРЫН ИХ ДУУЛГААС Ө.БЯМБАСҮРЭН МӨНГӨ, Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… Өчигдөр
ОХУ, МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГУУДЫН II ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
НОМЫН БАЯР ИРЭХ БААСАН ГАРАГТ БОЛНО Өчигдөр
ШАХМАЛ ТҮЛШИЙГ МАРГААШААС 446 ЦЭГЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ Өчигдөр
2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД М… Өчигдөр
"ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150150 ДУГААРТ ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ БОЛОН Г… Өчигдөр