НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81-р чуулганы ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр /2026.09.22/ Нью Йорк хотноо эхэлж байна. Өндөр түвшний долоо хоногийн үеэр дэлхийн 130 орчим орны төр, засгийн тэргүүн нар олон улсын тулгамдсан асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлнэ.
Энэ сарын 28-ыг хүртэл үргэлжлэх ерөнхий санал шүүмжлэлд НҮБ-ын гишүүн 193 орон, ажиглагч орнууд болон Европын холбооны төлөөлөгчид оролцоно. 81 дэх удаагийн чуулган “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн дор болж байна. Чуулганыг Бангладешийн гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалж байна.
Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Ерөнхий ассаблейн дарга нар нээж үг хэлнэ. Үүний дараа уламжлал ёсоор Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, НҮБ-ын төв байр байрлаж буй орон болох АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үг хэлнэ.
Вашингтон НҮБ-ын зарим байгууллагуудтай харилцаагаа хурцатгаж, санхүүжилтыг эргэн харж, шинэчлэл явуулахыг шаардаж байгаа энэ үед Трампын хэлэх үг олны анхаарлыг татаж байна. Өндөр түвшний долоо хоног эхлэхээс хэдхэн хоногийн өмнө АНУ НҮБ-ын дансанд 725 сая ам.долларын төлбөрөө шилжүүлсэн байна. Тус улсын НҮБ-д төлөх өрийн хэмжээ нэг тэрбум ам.долларыг даваад байгаа юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ерөнхий санал шүүмжлэлд оролцохгүй бөгөөд тэрбээр энэ долоо хоногт Вашингтонд Трамптай уулзана гэсэн хүлээлттэй байна.
Ойрх Дорнодын нөхцөл байдал гол сэдвүүдийн нэг байна. Энэ удаагийн чуулганаар АНУ, Израил, Ираны хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөн болон хөрш орнууд, дэлхийн эрчим хүчний салбар болон олон улсын хөлөг онгоцны хөдөлгөөнд үзүүлж буй үр дагаварт гол анхаарлаа хандуулж байна.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан есдүгээр сарын 23-нд Ерөнхий ассамблейн индэр дээрээс үг хэлнэ. Вашингтон Ираны Ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд зэрэг төлөөлөгчдийн үндсэн бүрэлдэхүүнд виз олгосон ч Нью Йорк хотоор зорчихыг нь хязгаарласан.
Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху есдүгээр сарын 24-нд үг хэлэх хуваарьтай. Мөн өдөр Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас цахимаар оролцох товтой. АНУ Палестины тэргүүнд хоёрдох удаа виз олгохоос татгалзсан тул түүнд цахимаар үг хэлэх боломж олгосон байна.
Украины асуудал мөн хэлэлцүүлэг болон хоёр талт уулзалтуудын гол сэдвүүдийн нэг болно.
Володимир Зеленський Трамптай уулзахаа мэдэгдсэн. Украины асуудлыг мөн Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэхээр төлөвлөжээ.
НҮБ-ын Ерөнхий аасамблей хиймэл оюуны асуудалд мөн ихээхэн ач холбогдол өгч байна. НҮБ-ын тэргүүний ярьснаар, эл салбарт тэргүүлж буй улс орнууд хиймэл оюуны технологийн хяналтгүй хөгжлийн эрсдэлийг бууруулах үүднээс аюулгүй байдлын нэгдсэн дүрэм болон механизмын талаар тохиролцох ёстой. Энэ асуудлыг мөн Аюулгүйн зөвлөлийн түвшинд хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт “OpenAI” компанийн тэргүүн Сэм Альтман оролцохоор төлөвлөжээ.
НҮБ-ын ирээдүйн удирдлагын асуудал мөн чухал сэдвүүдийн нэг болно. Гутерришийн хоёрдох бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болж байгаа тул тус байгууллага арав дахь ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох процедурыг эхлүүлээд байгаа билээ. Аюулгүйн зөвлөл нэр дэвшигчийг тодруулж, Ерөнхий ассамблейд танилцуулж, батлуулах юм.