“Тавантолгой түлш” ХХК Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх чиглэлээр мэдээлэл, сургалт зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр буюу есдүгээр сарын 28-нд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дунд шатны хороодын арга зүйчид, өсвөрийн улаан загалмайчид болон сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний үйлдвэрлэл, шинж чанар, зөв хэрэглээ, агаарын чанарт үзүүлэх нөлөө болон угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээний зорилго нь сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан айл өрхүүдэд шахмал түлшийг зөв хэрэглэх дадлыг хэвшүүлэх, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх, гэр, байшингийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зөвлөгөө, мэдээллийг хүргэхэд чиглэж байна. Мөн зуух, пийшинг түлшээр хэт дүүргэхгүй байх, түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангийн сойлтыг хаахгүй байх, янданг салгаж өрхөө бүтээхгүй байх зэрэг галлагааны зөв дадлыг мөрдөхийг зөвлөжээ.
Түүнчлэн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг унтраахгүй, хэвийн ажиллагааг нь тогтмол шалгаж, байнга асаалттай байлгах шаардлагатайг онцолсон байна. НЭМҮТ-ийн судалгаагаар дотоод орчны агаарын чанарт зөвхөн түлш, галлагаа бус бусад хүчин зүйлс ч нөлөөлдөг байна. Иймд айл өрхүүд агаар сэлгэлтийг тогтмол хийх, гэртээ тамхи татахгүй байх, зуух болон яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, галлагааг зөв хийхийг зөвлөж байна. Мөн гэр, байшингаа дулаалж галлах давтамжийг бууруулахын зэрэгцээ угаарын хий мэдрэгчийг зөв байршуулан, байнга асаалттай байлгах нь дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.