“Frankfurt” нисэх буудлын зургаан ажилтан онгоцоор ирсэн шумуулнуудаас болж хумхаа өвчний халдвар авч, хоёр ажилтан нь нас баржээ. Нисэх буудалд шумуул барих тусгай урхи байрлуулсан бөгөөд баригдсан шумуулнуудыг лабораторид шинжилж, ямар зүйлд хамаарах, хаанаас гаралтайг тогтоохоор ажиллаж байна. Мөн дэгдэлтийг Франкфуртын Нийтийн эрүүл мэндийн газар шалгаж байна. Халдвар авсан зургаан ажилтан нь нисэх буудлын өөр өөр хэсэгт ялгаатай ажил хийдэг хүмүүс байсан. Тэдний цусны дээжийг шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариугаар нэг л шумуулаас халдвар авсан уу, зургаан өөр шумуул байсан уу гэдгийг тодорхойлох юм.Франкфуртын хүн амын хувьд эрсдэлийн зэргийг маш бага гэж үзэж байна. Учир нь энэ өвчин нь хүнээс хүнд халддаггүй, зөвхөн шумуулаар дамждаг аж. Халдвар авсан дөрвөн ажилтан анх долдугаар сарын 4-6-ны хооронд өвдөж эхэлсэн байна. Тэднийг онгоцоор ирсэн шумуулаас халдвар авсан гэж үзэж байгаагаа Германы холбооны засгийн газрын агентлаг болох Роберт Кохын хүрээлэн мэдэгдэж байв. Германы Франкфуртад нисэх буудалтай холбоотой хумхаа өвчний тохиолдол хамгийн сүүлд 2023 онд бүртгэгджээ. ДЭМБ-ын мэдээлснээр, хумхаа нь хүнийг хаздаг зарим төрлийн шумуулаар дамждаг өвчин бөгөөд ихэвчлэн халуун орнуудад тархсан байдаг. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх боломжтой энэ халдвар нь шимэгч биетээс үүсдэг. Шинж тэмдэгийн хувьд хөнгөн хэлбэрийнхээс эхлээд үхлийн аюултай хүртэл байдаг.