МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир:
-Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй, улс төрийн хувьд нэлээд тогтворгүй, нийгмийн хувьд өндөр хүлээлттэй, бухимдалтай цаг үе тохиож байна. Үнийн өсөлт, шатахууны нийлүүлэлт зэрэг нийгмийг бухимдуулсан олон асуудал байна. Энэ цаг үед ажилтан, албан хаагчид болон иргэдийн бодит орлого тасралтгүй буурч байна. Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор МҮЭХ эерэг болон сөрөг хоёр талын байр суурийг илэрхийлж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн хүрээнд МҮЭХ Засгийн газартай энэ онд хэлэлцээр хийсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд ойрын хоёр жилийн хугацаанд цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой голлох бодлогын асуудлуудаа тохиролцсон. Энэ тохиролцооны голлох асуудлууд энэ удаагийн төсвийн тодотголд туссан байна.
Харин салбарын түвшинд байгуулагдсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай төсвийн эх үүсвэрийг төсөвт тусгаагүй асуудал байна. Засгийн газраас гаргасан мэдэгдэлд эдийн засгийн хүндрэлтэй цаг үед иргэдэд ирж байгаа ачааллыг төр өөрөө нуруундаа үүрнэ гэсэн үндсэн зарчмын бодлогыг дэмжиж байгаа.
Улсын хэлэлцээрээр тохиролцсон цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тодорхой заалтууд хэрэгжсэн нь сайшаалтай. Харамсалтай нь салбарын түвшинд байгуулсан хэлэлцээрүүдийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд гарч ирж байна. Эрүүл мэнд, боловсрол бол Монгол Улсын иргэн бүрт хамаатай, эдийн засгийн салбар бүрт хамааралтай, улс орны стратегийн ач холбогдол бүхий хоёр гол салбар. Тиймээс эдгээр салбарыг бид арай өөрөөр авч үзэх хэрэгтэй.
Эдгээр салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө бид маш олон сорилт, бэрхшээлийг туулсан.
Мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар батлагдсан хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тухайн байгууллага улсын хэмжээнд төсөвтөө тусгаж, хэрэгжүүлэх үүргийг ажил олгогч хүлээдэг. Гэтэл эрүүл мэнд, боловсролын салбар нь төрийн үйлчилгээний салбар учраас ажил олгогч нь төр өөрөө. Төр өөрөө баталсан хуульд заасан тодорхой заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шаардлагатай эх үүсвэрийг төсвийн тодотгол болон төсвийн төсөлд хангалттай тусгасан эсэх нь маш том асуултын тэмдэг болж байна.
Өнгөрсөн жилийн олон янзын тэмцэл хөдөлгөөн, жагсаал цуглаан, ажил хаялтын үр дүнд бид тодорхой ололтуудыг бий болгож, тодорхой тохиролцоонд хүрсэн. Боловсролын салбарын хувьд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 50 хувиар, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 26 хувиар нэмэгдүүлж, нийтдээ 76 хувийн цалин хөлсний нэмэгдэл олгохоор тохиролцсон.
Харин эрүүл мэндийн салбарын хувьд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар, наймдугаар сарын 1-нээс 2026 оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл сар бүр 9 хувиар цалин хөлсийг нэмэгдүүлэхээр тохиролцсон.
Тухайн үеийн Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны төлөөлөл оролцож, энэ хэмжээний ачааллыг төр өөрөө дааж гарч чадна гэдэг амлалтаа өгсөн. Улмаар энэхүү хэлэлцээрийг баталгаажуулж, хуулийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүртгэж авсан.
Харин харамсалтай нь одоо энэ хэмжээний цалин хөлсний нэмэгдлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэр төсөвт тусгагдаж чадахгүй байгааг МҮЭХ эрс буруушааж байна.
Эрүүл мэнд, боловсролын салбарын хүрээнд байгуулсан эдгээр хэлэлцээр нь улсын хэмжээний хэлэлцээр биш, салбарын түвшинд байгуулсан хэлэлцээр. Тиймээс уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг салбарын үйлдвэрчний эвлэлүүдтэйгээ зөвшилцөж, ойлголцож, шаардлагатай эх үүсвэрийг нь тусган, асуудал, бэрхшээлээ нээлттэй ярилцаж шийдвэрлэх ёстой.
Гэтэл боловсролын салбарын хувьд гэхэд л салбарын сайд нь улсын төсвийг өргөн мэдүүлснийхээ дараа буюу өчигдөр салбарынхаа үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээж авч уулзаж байх жишээтэй байна. МҮЭХ-ны зүгээс салбарын түвшинд байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн эх үүсвэрийг 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвт бодитоор тусгах шаардлагатай гэж үзэж байна гэлээ