Улаанбаатар хотын хамгийн том дүүргүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсэд 60 мянга гаруй иргэн амьдардгийн 31,865 нь хөдөлмөрийн насныхан байна. Эдгээр хүмүүст ажлын байрны боломжоо нэмэгдүүлэх, шинэ мэдлэг мэдээллээр хангагдах хэрэгцээ их байдаг бол тус бүс нутгийн хүүхэд багачуудад хамгийн их тулгамддаг асуудал нь сургалт, хөгжлийн асуудал ажээ. Иймд Нийслэлийн Бизнес, Инновацын Газар болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хүүхэд, залуучууд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Өсөлт хөгжлийн төв”-ийг Баянхошуу дэд төвд нээсэн ба туршилтын хоёр сарын хугацаанд 60 гаруй бичил бизнес эрхлэгчид, 420 гаруй хүүхэд багачууд, 150 гаруй залуучуудад хүрч ажиллаж чадсан байна.

Цаашдаа уг төв нь Баянхошуу орчмын хотын төвөөс 1км-ийн радиусад амьдарч буй 16 гаруй мянган иргэнд хүрч ажиллах боломжтой аж. Тэд энэхүү бодит үр дүнгээ өнөөдөр хуваалцаж албан ёсоор нээлтээ хийлээ.
Баянхошуу орчмын хүүхэд багачууд хичээлээсээ гадуур сургалт, дугуйланд явах хэрэгцээ байсан ч хотын төвөөс хол байдгаас болж төдийлөн хамрагдаж чаддаггүй байна. Харин тус бүсэд "Өсөлт хөгжлийн төв"-ийн сургалтууд болох англи хэл болон жюү жицүгийн дугуйлан нээгдсэнээр хүүхдүүд гэртэйгээ ойрхон чанартай сургалт авах боломж нь нээгджээ.

