Шүлгийг Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиосноор 1956 онд “Маамуу нааш ир” дуу төржээ. ХХ зууны хүүхдийн манлай дуу “Маамуу нааш ир” дууг анх Гавьяат жүжигчин, “хүүхдийн дууны” хэмээх дуучин В.Долгорын дуулснаар хүүхэд багачуудад хүрсэн. Энэхүү дууны 50 жилийн ойгоор Монголын хүүхдийн ордны өмнөх талбайд дууны хөшөөг босгосон бол энэ жил буюу 70 жилийн ойгоор Монголын ард түмний саналд үндэслэн “Лувсаншарав сан” болон дууны ая, үгийг зохиосон хоёр уран бүтээлчийн үр хүүхдүүд санаачлан Төрийн шагналт тодорхойлсныг СУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэн байна. Ингэснээр “Маамуу нааш ир” дуу Төрийн шагналд хоёр дахь удаагаа тодорхойлогдож буй юм. Мөн 2026 онд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.