Шатахууны шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2026.10.27/мэдээлэл өглөө. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2026 оны аравдугаар сарын АИ-92 автобензиний импортын захиалга 57 мянган тонн байна. Үүнээс 36 мянган тонн нь Монгол Улсад орж ирсэн, 6 мянган тонн нь замд явж байгаа бол Ангарскийн үйлдвэрээс 15 мянга орчим тонн нь ачигдаагүй, хүлээгдэж байна.
Өнгөрсөн хугацаанд олон улсад үүсээд байгаа шатахууны хомсдолтой холбоотойгоор шатахууны үнэ өссөн. Арваннэгдүгээр сарын шатахууны үнийн мэдээлэл хараахан ирж амжаагүй байна. Урьдчилсан байдлаар захиалгын хэмжээ өсөх, үнийн хэмжээ бага зэрэг буурах магадлалтай байгаа. Үнийн мэдээллийг хүлээн авахаар дараагийн мэдээллүүдийг тодорхой өгнө.
Хоёрдугаарт, зөвхөн ОХУ-аас импортолж байгаа шатахуун Монгол Улсын сарын хэрэглээг бүрэн хангахгүй байгаа учраас үлдэгдэл шатахууныг БНХАУ болон гуравдагч улсуудаас импортлох боломжуудыг судалж ажиллаж байна. Үүний хүрээнд БНСУ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан зурахаар ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд БНСУ-аас АИ-92 автобензин, дизелийн түлш болон онгоцны шатахууныг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Монгол Улсад оруулж ирэх ажлуудыг хийж байна. Эхний ээлжид аравдугаар сард хийсэн 12 мянган тонн шатахууны захиалга арваннэгдүгээр сарын эхээр орж ирэхээр төлөвлөгдөж байна. Цаашдаа дэлхий дээр үүсээд байгаа шатахууны хомсдолтой нөхцөл байдалтай уялдуулан гуравдагч улсуудаас шатахуун импортлох ажлыг зохион байгуулна.
Өнөөдрийн Шуурхай штабын хурлаар өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн шатахууны хомсдолын асуудлыг мөн хэлэлцлээ. ОХУ-ын төмөр замын засвартай холбоотойгоор зарим шатахууны тээвэрлэлт удааширснаас өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд хомсдол бага зэрэг нэмэгдсэн.
Мөн цас, хур тунадас их орсонтой холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим буурсан талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл өглөө.
Үүнтэй холбогдуулан өнөөдрийн Шуурхай штабаас төв магистрал зам дагуух шатахуун түгээх станцуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ээлж солих хугацаанд зохицуулалт хийх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.