Монгол Улсын Соёлын элч, “Чингис хаан” одонт THE HU хамтлаг Францын Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд шинэ цомгоо танилцуулж, энх тайван, соёлын олон янз байдал, харилцан хүндэтгэлийг хөгжмөөр дамжуулан түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрээ онцоллоо.

Тус хамтлаг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч” хөтөлбөрийн хүрээнд өөр өөр соёлын хүмүүсийг хөгжмөөр холбож, хэл, үндэсний хил хязгаараас үл хамааран харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийг зорьдог аж. THE HU хамтлаг цомог, дэлхий даяарх аялан тоглолтоороо дамжуулан Монголын түүх, хөгжмийн өв, уламжлалыг олон улсын үзэгчдэд хүргэж ирсэн. Тэдний уран бүтээл нь хүмүүсийг өөрсдийн өв соёлоороо бахархахын зэрэгцээ бусдын соёл, уламжлалыг танин мэдэж, хүндэтгэхэд уриалдаг байна. Мөн ЮНЕСКО-гийн соёлын өвийг хамгаалах, бүтээлч байдлыг дэмжих үйл ажиллагааг чухалчилж, хөгжмөөр дамжуулан соёл хоорондын яриа хэлэлцээг өргөжүүлэх, энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготойгоо илэрхийлжээ.